
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор Б.Хоролдагва, Гадаад харилцааны албаны дарга, дэд профессор Г.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөл ОХУ-ын Санкт-Петербург хотод байрлах Александр Херцений нэрэмжит Их Сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч, албан уулзалт хийлээ.
Тус сургуулийн Олон улсын хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Шеремет Сергей Александрович, Олон улсын төслийн ахлах мэргэжилтэн Романова Анастасия Александровна, ОХУ-ын ЭСЯ-ны Боловсрол, шинжлэх ухааны атташе Кушхов Борис Хабижевич нарын зочид МУБИС-д айлчилсан юм.
1797 онд байгуулагдсан Херцений Их Сургууль нь ОХУ-ын хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг бөгөөд боловсрол, философи, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр дэлхийд танигдсан.
Уг уулзалтаар 2 сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэн урт болон богино хугацааны багш, судлаач солилцоо, боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр хамтарсан арга хэмжээ, төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцов.
Энэ удаагийн уулзалт МУБИС болон Херцений Их Сургуулийн хооронд стратегийн түншлэлийг бэхжүүлэх чухал ач холбогдол бүхий уулзалт боллоо.