“Монгол дохионы хэлний хөгжил ба хэлмэрч бэлтгэх асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2025.03.28 15:06 Үйл явдал

МУБИС-ийн Боловсролын судалгааны хүрээлэнгээс “Монгол дохионы хэлний хөгжил ба хэлмэрч бэлтгэх асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн зорилго нь Монгол дохионы хэлний судалгаа, арга зүй, хэлмэрч бэлтгэж буй өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэн тодорхойлж, өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх замаар цаашдын хөгжлийн хэрэгцээ шаардлага, арга замыг тодорхойлох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн байна.  

Тус үйл ажиллагааг МУБИС-Боловсрол судлалын сургуулийн захирал, профессор Д.Мөнхжаргал, МУСИҮХ-ны ерөнхийлөгч А.Энхбаатар нар нээж үг хэлсэн бөгөөд модератороор Боловсролын судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Я.Шийлэгмаа, Отгонтэнгэр их сургуулийн Чанарын баталгаажуулалтын албаны дарга А.Буянжаргал, Сонсголын бэрхшээлтэй иргэний нийгмийн төлөөлөл Б.Юмжирдулам нар ажиллалаа.

Хэлэлцүүлэгт “Монгол дохионы хэлний хөгжлийн ирээдүй: Хууль эрх зүй, бодлого, хамтын ажиллагаа”, “Монгол дохионы хэл ба их дээд сургуулийн оролцоо”, “Монгол дохионы хэлний судалгаа, арга зүй, хэлмэрч бэлтгэж буй өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” гэсэн 3 дэд сэдвийн хүрээнд нийт 15 илтгэгч илтгэлээ хэлэлцүүллээ.

МУБИС-ийн Боловсролын судалгааны хүрээлэнгээс Боловсролын Яам, Гэр бүл Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, БЕГ, Төрийн байгууллагын төлөөлөл, СЗСҮТ, МБУЧОС, МУСИҮХ, Сонсголгүйн боловсрол, Монгол үндэсний дохионы хэлний хөгжлийн зөвлөл, Тэгш тусгал ТББ-дын төлөөлөл, Олон улсын хөгжлийн болон донор байгууллагын төлөөллүүдтэй хамтран уг хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.