ХБНГУ болон Канад улсын эрдэмтэдтэй хамтарсан сургалт хийлээ

2025.04.28 14:15 Үйл явдал

МУБИС-ийн БоСС, Боловсролын судалгааны хүрээлэнгээс Боловсролын яамны Дээд боловсролын газар, Канадын Бритиш Колумбын их Сургууль, Дээд боловсролын хөгжлийн академитай хамтран "Ахисан түвшний судалгааны хөгжил: Олон улсын туршлагаас суралцах нь" сэдэвт сургалтыг 2025 оны 4 сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад 9 их сургуулийн 72 багш, докторантууд хамрагдав.

Сургалтыг Боловсрол судлалын сургуулийн захирал, профессор Д.Мөнхжаргал, БЯ-ны Дээд боловсролын газрын дарга Ж.Ариунболд нар үг хэлэн нээж, Боловсролын судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Я.Шийлэгмаа чиглүүлэгчээр ажилласан юм.  

Канадын Бритиш Колумбын их Сургуулийн докторын болон докторын дараах сургуулийн хүндэт захирал, Канадын ахисан түвшний боловсролын холбооны ерөнхийлөгч Сюкан Портер “Докторын удирдагч багшийн чадавхыг бэхжүүлэх нь” сэдвээр, Германы Маннхайм их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн захирал Жулиан Диеркес “Докторын зэрэг хамгаалуулах үйл явц: Олон улсын туршлага” сэдвээр, Канадын Калгари их сургуулийн дэд профессор Алия Кужабекова “ Судалгааны өгүүлэл бичих ажлыг докторын сургалттай хослуулах нь: Туршлага, сургамж” сэдвээр тус тус лекц уншсан юм.