Бакалаврын түвшний суралцагчдын судалгааны бүтээлийг шалгаруулан урамшуулав

2025.05.01 15:41 Үйл явдал

МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын албанаас зохион байгуулсан “Оюутны эрдэм шинжилгээний хурал”-д бакалаврын суралцагчид судалгааны ажлаа хэлэлцүүллээ. 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр болсон тус үйл ажиллагааг Ректор, профессор Ж.Батбаатар нээж үг хэлэн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор Б.Хоролдагва нар оролцлоо.

Бүрэлдэхүүний болон салбар сургуулиудаас Байгалийн шинжлэх ухааны онолын үр дүн, нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын асуудлыг хөндсөн, туршилт, судалгааны үр дүнд тулгуурласан нийт 20 бүтээл шалгарсан юм. Түүнээс дараах 3 судалгааны ажлыг шалгаруулан шагнал, урамшуулал олголоо.

Үүнд:

Тэргүүн байр: МБУС-ийн Физикийн тэнхимийн оюутан Т. Пүрэвдолгор “Уураг дахь сонгодог β-эргэлт төрлийн хоёрдогч бүтэц” сэдэвт илтгэл

Дэд байр: МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн оюутан Х. Хүслэн, Г. Дагвадорж, Б. Болормаа нар “Хувь хүний суралцах хэв маягт тохирсон хиймэл оюунд суурилсан ухаалаг системийн нэгэн хувилбар” сэдэвт илтгэл

Гутгаар байр: БС-ийн Бага боловсролын математик, байгалийн ухааны тэнхимийн оюутан А. Дарханцэцэг “Тавдугаар ангийн сурагчдын геометрийн агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх арга зүй” сэдэвт илтгэл тус тус шалгарав.

Оюутныг шинжлэх ухаанч хандлагаар асуудлыг шийдвэрлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, цаашдын судалгааны ажлыг дэмжих зорилгоор  өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав. (I байранд шалгарсан илтгэлд 500,000 төгрөг, II байранд шалгарсан илтгэлд 400,000 төгрөг, III байранд шалгарсан илтгэлд 300,000 төгрөг)

МУБИС 2024–2025 оны хичээлийн жилийг “Эрдэм шинжилгээ, судалгааг дэмжих жил” болгосны хүрээнд оюутан суралцагчдын ур чадварыг дэмжсэн олон ажлуудыг  хийж хэрэгжүүлсээр байна.