МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн, "Бийрийн урлаг" уран бичлэгийн холбоо, "Титэм" уран бичлэгийн дугуйлан, “Уран баян” уран бичлэгийн дугуйлан хамтран “Бийрийн урлаг-2025” үндэсний бичгийн өдөрлөгийг зохион байгуулж байна.
Дөрөв дэх жилдээ болж байгаа тус өдөрлөгийн зорилго нь оюутнуудын монгол бичгээ сурах идэвх хандлагыг нэмэгдүүлэх, уран бичлэгийн чадвар эзэмшүүлэх, үндэсний бичгийн үнэ цэнг ойлгуулж, түгээн дэлгэрүүлэхэд оршино.
“Бийрийн урлаг-2025” үндэсний бичгийн өдөрлөгт
- Уран бичээч Л.Жумдаан багшийн бүтээл
- Уран бичээч Л.Жумдаан багшийн нэрэмжит хичээнгүй бичгийн уралдаанд оролцогчдын бүтээл
- “Титэм” уран бичлэгийн дугуйлангийн оюутнуудын бүтээл
- МУБИС-ийн нэмэлт хөтөлбөрийн уран бичлэгийн ангийн оюутнуудын шилдэг бүтээлүүдийг дэлгэсэн байна.
Зохион байгуулагчдын урилгаар ӨМИС-ийн профессор Го.Зоригт “Алтайн төрөл хэлнүүдийн харьцуулсан зарим асуудал” сэдвээр лекц тавьж, өөрийн арвин их туршлагаасаа хуваалцсан юм.
Тус арга хэмжээ МУБИС-ийн хичээлийн I байрны "Оюутны хөгжлийг дэмжих танхим"-д үргэлжилж байна.