“ТУРИАД-2025” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСААС МУБИС-ИЙН ОЮУТНУУД ӨРСӨЛДӨНӨ

2025.05.14 09:16 Үйл явдал

Олон Улсын спорт аяллын холбооноос зохион байгуулж буй “Туриад-2025” олон улсын спорт аяллын тэмцээнд оролцох Монгол Улсын багт сонгогдсон МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль-ийн Спорт аялал жуулчлалын ангийн тамирчин оюутнуудыг МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар, БТС-ийн захирал доктор Г.Энхсайхан нар хүлээн авч уулзан, амжилт хүслээ.

Тус тэмцээн 5-р сарын 20-25-ний өдрүүдэд ОХУ-ын Уралын Саратов мужид Ижил мөрний хөвөөнд зохиогдох бөгөөд манай тамирчид 5-р сарын 15-нд аяны замдаа гарах юм.

Энэ жилийн хувьд Монголын Спорт Аяллын Холбоо Олон Улсын Спорт Аяллын холбооны жинхэнэ гишүүн болж тив, дэлхий, олон улс, спорт аяллын тэмцээн, арга хэмжээнд оролцох боломж нээгдэн тус тэмцээнд манай улсын оюутан залуучуудын баг анх удаагаа оролцох болсноороо онцлог.

Тус тэмцээнд 10 гаруй улсын 200 гаруй оюутан залуус оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд тамирчид уулын явган аялал, сэлүүрт завь /Катамаран, каяак,/ уулын дугуй, оринтеринг, бартаа туулах буухиа төрлүүдээр өрсөлдөн шилдгүүдээ тодруулах юм.

“Туриад-2025” олон улсын спорт аяллын тэмцээнд оролцох Монголын багийн ахлагчаар Монголын спорт аяллын холбооны ерөнхийлөгч МУСГД Б.Жияандорж, дасгалжуулагч МУБИС-ийн САЖ-ын багш Д.Батболд, хөтөч, орчуулагчаар ОУХМ П.Алексей, холбооны арга зүйч СМ С.Ундрах нар, МУБИС-ийн 6, СУИС-ийн 1, Мон-Алтиус ДС-ийн 1, нийт эрэгтэй-4, эмэгтэй-4, бүгд 8 тамирчны бүрэлдэхүүнтэй тэмцээндээ оролцоно.

Манай баг, тамирчид тэмцээний үеэр адал явдалт спорт аяллын хээрийн сургалт, соёлын арга хэмжээнд оролцох юм. Тэмцээний дараа Олон Улсын Спорт Аяллын холбооны удирдлагууд Москва хотод манай багийг хүлээн авч албан уулзалт хийхээс гадна, түүх, соёлын дурсгалтай танилцах хотын аялал, урлаг, соёлын арга хэмжээнд оролцоно.

ОХУ-ын нутгаар хол замыг туулан, олон хотоор өртөөлөн аялж олон улсын тэмцээнд оролцох Монгол Улсын баг, тамирчид, оюутан залуус, багш дасгалжуулагч, Монголын Спорт аяллын холбооны удирдлага, албаны хүмүүст амжилт хүсье. Та бүхэн минь зорьсон хэргээ бүтээгээд аян замдаа сайн яваад ирээрэй.