
Монгол Улсын Боловсролын их сургууль, ОХУ-ын А.И.Герцений нэрэмжит Улсын Багшийн их сургуулийн удирдлагууд 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тус албан уулзалтад А.И.Герцений нэрэмжит Улсын багшийн их сургуулийн ректор С.В.Тарасов, олон улсын хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.А.Шеремет, сургалт эрхэлсэн проректор Т.Г.Рыборецкая, нийслэлийн ерөнхий боловсролын 162-р сургуулийн дэргэдэх Нээлттэй боловсролын төвийн эрхлэгч Д.Батсайхан нар, МУБИС-ийн талаас Ректор Ж.Батбаатар, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Б.Хоролдагва, Гадаад харилцааны албаны дарга Г.Цогзолмаа, НХУС-ийн Орос хэлний тэнхимийн эрхлэгч Ш.Цолмон, мөн тэнхимийн зөвлөх профессор С.Эрдэнэмаам нар оролцож, хоёр их сургуулийн хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцон, гэрээ байгууллаа. Гэрээний үндсэн агуулгаас дурдвал:
• Орос хэлний нээлттэй боловсролын төв байгуулах,
• Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх,
• Багш, оюутны солилцоог зохион байгуулах.
Энэхүү гэрээ нь хоёр орны боловсролын салбарын олон талт харилцааг гүнзгийрүүлж, олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм.
А.И.Герцений нэрэмжит Улсын багшийн их сургуулийн олон улсын хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.А.Шеремет тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад 2025 оны 3 дугаар сард айлчлахдаа манай сургуулиар зочилж, хоёр сургуулийн хооронд хамтын ажиллагаа тогтоох боломжийн талаар уулзалт зохион байгуулсны үр дүн ийнхүү биеллээ оллоо.