Монгол Улсын Боловсролын их сургууль (МУБИС) болон Буриадын Улсын их сургууль (БУС)-ийн удирдлагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх албан уулзалт хийлээ.
Уулзалтад МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор Б.Хоролдагва, Гадаад харилцааны албаны дарга, дэд профессор Г.Цогзолмаа, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, дэд профессор Н.Мягмарцоож, Боловсрол судлалын сургуулийн захирал, профессор Д.Мөнхжаргал, Монгол судлалын хүрээлэнгийн захирал, профессор Д.Ганболд, НХУС-ийн багш, дэд профессор Ш.Тунгалаг нар оролцсон бол Буриадын Улсын Их Сургууль (БУС)-аас ректор, түүхийн шинжлэх ухааны доктор А.В.Дамдинов, Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор доктор В.В.Номогоева, ректорын зөвлөх Г.Ариун нар хүрэлцэн ирэв.
Хоёр их сургууль цаашид Монгол судлал болон боловсрол судлалын чиглэлээр хамтран ажиллаж, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, туршлага солилцох, зуны сургалтад судлаачдыг хамруулах, судар бичиг, аман бичгийн хөмрөгт хамтарсан судалгаа хийх, этно-сэтгэл судлалын чиглэлээр хамтарсан судалгаа хийх, зочин профессор, багш, оюутан солилцооны хөтөлбөрийг эрчимжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов.
Мөн Монгол судлалын хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол судлалын шинэ эрин” олон улсын хурал 2026 оны хаврын улиралд болох бөгөөд судлаачдад албан ёсны урилга илгээх юм.
Энэхүү уулзалт нь МУБИС болон Буриадын их сургуулийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Монгол судлалын олон улсын судалгааны орон зайг тэлэх чухал алхам боллоо хэмээн оролцогчид дүгнэв.