Монгол улсын боловсролын их сургууль, ОХУ-ын А.И.Герцений нэрэмжит Улсын Багшийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу 2025 оны 09-р сарын 22-ноос 11-р сарын 14-ний хооронд НХУС-ийн Орос хэлний тэнхимд зочин багшаар Гадаад хэлний сургуулийн багш доктор, профессор Елена Демиховская, ахлах багш Константин Демиховский нар ажиллахдаа Орос хэлний багш мэргэжлээр суралцаж буй 1-3-р ангийн оюутнуудад оросоор ярих, бичих, унших чадварыг хөгжүүлэх хичээл заахаас гадна 2025 оны 10-р сарын 27-ноос 11-р сарын 14-ний өдрүүдэд ОХУ-ын Боловсролын яам болон “Традиция” сангийн дэмжлэгтэйгээр “Орос хэлний өдрүүд” цогц арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд Санкт-Петербург хот болон түүний түүх, соёлын дурсгалт газруудын талаар өгүүлэх “Видеоклип ашиглан хэл, соёлд суралцах нь” сэдэвт интерактив мастер класс зохион байгуулсан нь оюутан суралцагчдын оросоор ярих чадварыг хөгжүүлэхээс гадна видео материал ашиглан Оросын соёлыг илүү гүнзгий түвшинд ойлгуулах боломжийг бүрдүүлсэн байна. Мөн оюутнууд “Орос орон болон орос хүмүүсийн талаарх үнэн ба худал” сэдэвт лекцэнд хамрагдаж, Оросын газар зүй, түүх, соёлын талаар болон соёл хоорондын харилцааны суурь мэдлэгтэй болсоноос гадна “Орос хүүхэлдэй”, “Орос цагаан толгой” сэдэвт мастер классын үеэр Оросын ард түмний уламжлал, ёс заншилтай илүү гүн гүнзгий танилцсан байна.



