Монгол улсын Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын Өмнөд Чүнчон мужийн Боловсролын газартай байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд боловсролын сургалтын байгууллагуудыг цахим тоног төхөөрөмжөөр дэмжих үйл ажиллагааг МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуулиас эхлүүлэв.
БЕГ-аас өнгөрсөн хичээлийн жилд МУБИС-ийн харьяа ЕБС-ийн 7А ангийн сурагчдад хромбүүк олгож, сургалтын хэрэглээнд нэвтрүүлсэн нь үр дүнтэй байсан учир 2025-2026 оны хичээлийн жилд БНСУ-ын Өмнөд Чүнчон мужийн Боловсролын газартай хамтран тус сургуульд MAXHUB 86" УХААЛАГ САМБАР (Smart Board) бүхий "ДИЖИТАЛ ТАНХИМ"-ыг тохижуулж өгсөн бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр 60 хромбүүкийг МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуульд гардуулсан юм.
Үйл ажиллагааг БЯ-ны Цахим боловсролын газрын дарга Т.Бат-Эрдэнэ нээж үг хэлсэн бөгөөд БНСУ-ын Өмнөд Чүнчон мужийн Боловсролын газрын Боловсролын хэлтсийн дарга Ким Кёнху, Ирээдүйн авьяастан хариуцсан хэлтсийн менежер Жон Жэдун, мэргэжилтэн Гу Санхён, Хан Сонгён, Google компанийн Монгол дахь төлөөлөгч Э.Өсөхбаяр, “Icore Mongolia”-ийн төлөөлөгчид болон тус сургуулийн сурагчид, эрдмийн хамт олон оролцлоо.
Мөн хромбүүкийн ашиглалтын талаар Google компанийн албан ёсны түнш “Icore Mongolia”-ийн төлөөлөгчид сурагчдад чиглэсэн сургалт зохион байгуулав.