“Алтайн уулархаг бүсийн тогтвортой хөгжил, экологи, түүх, хэл, соёл, боловсрол, эдийн засгийн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болов

2026.01.19 10:16 Үйл явдал

МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас санаачлан зохион байгуулсан “Алтайн уулархаг бүсийн тогтвортой хөгжил, экологи, түүх, хэл, соёл, боловсрол, эдийн засгийн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 1 дүгээр сарын 14–16-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт зохион байгуулагдав. Үндсэн хуралдаанаас гадна дөрвөн салбар хуралдаан зэрэг явагдаж, 100 гаруй эрдэмтэн судлаачид 88 илтгэл хэлэлцүүлэв.

Тус хуралд Монгол Улс төдийгүй гадаад улс орнуудын их, дээд сургууль, судалгааны байгууллагын эрдэмтэн судлаачид оролцож, Алтайн уулархаг бүс нутгийн тогтвортой хөгжлийн асуудлыг олон улсын түвшинд, харьцуулсан судалгаанд тулгуурласан ач холбогдолтой судалгааны илтгэлүүд хэлэлцэгдэв. Тухайлбал хэл, соёлын өв, уламжлалыг яаж хадгалж авч явах уу, хос хэлний боловсролыг яаж шинжлэх ухаанчаар тогтоох уу, аялал жуулчлалыг жинхэнэ нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх талаар яаж хөгжүүлэх үү, түүний дотроо нүүдэлчин ард түмний гол аж ахуй болох бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хэрхэн хангах уу, бэлчээрийг яаж зохистой менежмент хийж ашиглах уу, алтай уулархаг бүс нутгийн эко системийг хэрхэн хадгалж авч явах уу гэсэн олон сэдвээр илтгэлүүд тавигдаж байна дэд бүтцийг хөгжүүлэх маш тодорхой саналууд гарч байна. Олон улсын оролцооны хувьд Монгол Улс, Казахстан, Турк, ОХУ (Буриад, Тува), Бельги, Киргиз, Япон, Хятад, АНУ зэрэг нийт 9 улсаас эрдэмтэн судлаачид оролцов. Европын холбооны зарим улсаас оролцогчид цахимаар оролцлоо.

Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл:

Холбоос: https://pubhtml5.com/bookcase/mbwxf/

Тус хурлын хүндэт зочдоор академич А.Бакей, Монгол Улсын Ардын багш, академич Б.Жадамба, доктор, профессор Ц.Өнөрбаян, доктор (Ph.D), профессор Б.Алтангүл нар оролцож буй нь орон нутгийн хувьд нэр төрийн хэрэг болохыг онцлов.

Тэдний сэтгэгдэл:  https://www.facebook.com/reel/1201724771936380

Алтайн бүс нутгийн өнөө ба ирээдүйг тодорхойлох энэхүү хуралд оролцож буй бүх эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлж, судалгааны илтгэл, хэлэлцүүлэг, санал бодол нь бодит үр дүнд хүрч, цаашдын хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.