МУБИС-ийн “Дөчин дөрөв” клубийн оюутнууд 2 дахь номоо өлгийдөв

2026.04.14 13:34 Үйл явдал

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Оюутны эрдэм шинжилгээний “Дөчин дөрөв” клубээс 2026 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр судлаачийн лекц болон ном сэхэх ёслолыг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Багшийн сургуулийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) Б.Нанжид уригдан оролцож, “Монгол нүүдэлчдийн тууль” сэдвээр сонирхолтой, өгөөжтэй лекц уншив.

Мөн “Тод номын гэрэл төв” ТББ болон “Дөчин дөрөв” клубийн хамтын бүтээл болох “Цагаан хутагт Гунгаажалцаны намтар” номын сэхэх ёслол энэ үеэр боллоо.

Оюутны эрдэм шинжилгээний “Дөчин дөрөв” клуб нь 2023 онд байгуулагдсан бөгөөд МУБИС-ийн Түүх, нийгмийн багшийн ангийн оюутнуудаас бүрддэг. Тус клубийн судлаач оюутнууд монгол бичиг унших, бичих чадвараа ахиулах, түүхийн нэр томьёо, ойлголтыг тайлбарлах арга зүй эзэмших, эрдэм шинжилгээний эх бэлтгэх ур чадварт суралцах зорилгоор идэвхтэй ажиллаж байна.

Ийнхүү тэд хамтын бүтээлийнхээ хоёр дахь номыг өлгийдөн авч, судалгааны ажлын үр шимээ олон нийтэд хүргэж буй.