Академич Е.А. Бөкетовын нэрэмжит Карагандын Үндэсний Судалгааны их сургуультай санамж бичиг байгууллаа

2026.05.22 10:57 Үйл явдал

Улаанбаатар хот, Монгол Улс — 2026 оны 5 дугаар сарын 14

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд сүүлийн жилүүдэд өрнөсөн дээд түвшний харилцан айлчлалуудын үр дүнд хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч байна.

Хоёр улсын Дээд хэмжээний харилцан айлчлалын хүрээнд “Study in Kazakhstan” олон улсын боловсролын үзэсгэлэн 2026 оны 5 дугаар сарын 13–14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Үзэсгэлэнд Казахстан Улсын тэргүүлэх их, дээд сургуулиуд, Монгол Улсын боловсролын салбарын төлөөлөл, суралцагчид, мөн хоёр улсын төрийн болон дипломат байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Тус арга хэмжээг Бүгд Найрамдах Казахстан Улсын Шинжлэх ухаан, Дээд Боловсролын яам, Монгол Улсын Боловсролын яам, Монгол Улс дахь Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдын яамны оролцоотойгоор зохион байгуулсан юм.

Тус академик хамтын ажиллагааны хүрээнд Академич Е.А. Бөкетовын нэрэмжит Карагандын Үндэсний Судалгааны их сургуулийн төлөөлөгчид 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Боловсролын их сургуульд албан айлчлал хийв. Айлчлалын үеэр хоёр их сургууль харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан нь МУБИС болон Казахстан Улсын нэр хүнд бүхий судалгааны их сургуулийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шинэ алхам боллоо.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, доктор Д.Соронзон, Гадаад харилцааны албаны дарга, дэд профессор Г.Цогзолмаа, МУБИС-ийн Гадаад харилцааны алба, НХУС, БТС-ийн төлөөлөл, Академич Е.А. Бөкетовын нэрэмжит Карагандын Үндэсний Судалгааны их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Ректор Нурлан Орынбасарович Дулатбеков, Гадаад харилцаа, дэлхийн түүхийн тэнхимийн ахлах багш Аманбек Сердхан, мөн Монгол Улс дахь Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдын яамны төлөөлөл оролцов.

Карагандын Үндэсний Судалгааны их сургууль нь Казахстан Улсын дээд боловсролын салбарт олон жилийн түүхтэй боловсролын байгууллага юм. Тус сургууль Караганда хотод Багшийн институтээр анх 1938 онд байгуулагдсан бөгөөд Казахстан Улсын багш бэлтгэх анхны сургуулиудын нэг юм. Улмаар 1952 онд Багшийн дээд сургууль, 1972 онд Карагандын Улсын их сургууль болон өргөжжээ. 2024 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрын 258 дугаар тогтоолоор тус их сургуульд судалгааны их сургуулийн эрхийг олгосон байна. Энэ сургуулийн ЭШ-нд зарцуулах зардал нь 2020 оноос хойш 10 дахин өссөн болохыг тэмдэглэв.

Тус их сургууль нь эрдэм шинжилгээний сэтгүүлүүдээрээ дамжуулан судалгааны үр дүнгээ олон улсад түгээн дэлгэрүүлдэг. Их сургуулийн англи хэл дээр хэвлэгддэг Eurasian Physical Technical Journal сэтгүүл нь Scopus мэдээллийн санд Energy, Engineering, Materials Science, Physics and Astronomy гэсэн дөрвөн шинжлэх ухааны чиглэлээр бүртгэгдсэн. Мөн Bulletin of the University of Karaganda – Chemistry болон Bulletin of the Karaganda University – Mathematics сэтгүүлүүд Scopus мэдээллийн санд индексжсэн байна. Гарын үсэг зурах ёслолын үеэр тус их сургуулийн Ректорын танилцуулснаар, их сургууль тав дахь шинжлэх ухааны чиглэлээр бүртгүүлэх хүсэлтээ мөн гаргаад байна.

МУБИС болон Карагандын Үндэсний Судалгааны их сургуулийн хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг нь боловсролын хамтын ажиллагаа, оюутан, багш нарын солилцоо, шинжлэх ухааны судалгаа, олон улсын төсөл, хөтөлбөрийг хөгжүүлэх хамтын ажиллагааны суурь баримт бичиг болох юм. Энэхүү хамтын ажиллагаа нь дээд боловсролын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, академик солилцоог дэмжих, Монгол, Казахстаны их сургуулиудын урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах ач холбогдолтой.

Энэхүү түншлэлээр дамжуулан МУБИС-ийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, оюутан, багш, судлаачдад шинэ боломжуудыг бий болгож байна.