ШИНЭ НОМ: “ACTION RESEARCH IN MONGOLIA” МОНОГРАФИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2026.08.28 16:43 Онцлох мэдээ

МУБИС-ийн үйлийн судалгааны мэргэжлийн багийн эрдэмтэн, багш, судлаачдын хамтран бүтээсэн “Action Research in Mongolia” монографийн нээлт өнөөдөр МУБИС-ийн Номын санд боллоо.

МУБИС-д үйлийн судалгааны чиглэлээрх ажил 2005 оноос эхэлсэн бөгөөд өнгөрсөн 21 жилийн хугацаанд олон төсөл, хөтөлбөр, судалгааг хэрэгжүүлж, боловсролын практикт тулгамдаж буй асуудлыг судлан, шийдэл боловсруулах чиглэлээр тасралтгүй ажиллаж иржээ.

Энэхүү бүтээлийг Ардын багш, академич Б.Жадамба, профессор Кандэс Кэй, МУГБ, профессор Ж.Батдэлгэр, дэд профессор Ч.Байгалмаа, доктор Б.Жавзандулам, доктор Чана, докторант Л.Энхбаяр, докторант Б.Баярмаа, докторант Ө.Амарзаяа нар хамтран бүтээсэн байна.

Тус мэргэжлийн баг 2018 онд “Үйлийн судлал” сурах бичгийг боловсруулан гаргаж, сургалтын үйл ажиллагаанд туршин хэрэгжүүлсэн бөгөөд уг сурах бичгийн туршилт, судалгааны явцад хуримтлуулсан үр дүн, мэдлэг, туршлагад үндэслэн өнөөдрийн “Action Research in Mongolia” монографийг бүтээжээ.

Түүнчлэн МУБИС-ийн үйлийн судалгааны баг нь Америкийн Action Research Network of the Americas (ARNA) байгууллагатай хамтран ажиллаж, үйлийн судалгааны арга зүй, туршлагыг олон улсын түвшинд хөгжүүлэхийн зэрэгцээ Монголын боловсролын орчинд нутагшуулах, судалгааны үр дүнг практикт хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

“Action Research in Mongolia” монографи нь МУБИС-ийн эрдэмтэн, багш, судлаачдын 21 жилийн турш хуримтлуулсан судалгааны үр дүн, практик туршлага, хамтын бүтээлч үйл ажиллагааны нэгэн чухал үр дүн бөгөөд Монгол Улсад үйлийн судалгааны чиглэлээр хийгдсэн судалгаа, туршлагыг олон улсын судалгааны орон зайд таниулах ач холбогдолтой бүтээл болж байна.