БАГШ МЭРГЭЖЛИЙН ТЭТГЭЛЭГТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ОЮУТНЫ ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

2026.10.01 11:19 Үйл явдал

МУБИС-ийн ректор Ж.Батбаатар, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Д.Соронзон нар МУБИС-ийн Оюутны холбооны удирдах зөвлөлтэй /төлөөлөлтэй/ уулзаж, сургалтын төлбөр болон Боловсролын зээлийн сан (БЗС)-аас олгодог тэтгэлгийн санхүүжилтийн талаар ярилцлаа.

​МУБИС-ийн хэмжээнд буцалтгүй тусламжаар суралцагчдад олгодог тэтгэлэг, оюутны хөгжлийн зээлийн санхүүжилт олгогдсон бөгөөд БЗС-аас олгох багш мэргэжлийн тэтгэлгийн санхүүжилт одоогоор хүлээгдэж байна.

2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын тэтгэлгийн санхүүжилт БЗС-аас хийгдээгүй боловч тухайн улирлын төлбөрийг суралцагчдаас нэхэмжлэхгүйгээр хичээлийн жилийг дуусгасан болно.

2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээл сонголтын үеэр оюутнуудад сургуулийн зүгээс мөн боломж олгож, санхүүгийн хүндрэл дарамт үүсгэхгүйгээр уян хатан байдлаар шийдвэрлэн ажилласан бөгөөд цаашид сургалтын үйл ажиллагааг ханган ажиллах хүрээнд үүссэн өр авлагыг тухайн онд нь багтаан барагдуулах шаардлагын хүрээнд "Хичээл сонголт 1" хийхээс өмнө төлбөрийн үлдэгдлийг төлөх тухай мэдэгдлийг 2026 оны 09 сарын 30-ны өдөр гаргасан.

Үүнтэй холбоотойгоор МУБИС-ийн Оюутны холбооны удирдах зөвлөлөөс сургуулийн удирдлагуудтай уулзах хүсэлт гаргасан.  

​Уулзалтын үеэр Оюутны холбооны зүгээс төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлт тавьсныг сургуулийн удирдлага хүлээн авлаа. ​Ийнхүү санал солилцсоны үндсэн дээр сургалтын төлбөр төлөх эцсийн хугацааг 12 дугаар сар хүртэл хойшлуулахаар тогтов. ​Төлбөр төлснөөс хойш БЗС-аас санхүүжилт хийгдвэл тухайн суралцагчдын төлбөрийг буцаан олгохыг сургуулийн удирдлагууд тайлбарлалаа.

Эцэст нь Оюутны холбооны зүгээс шат шатны байгууллагад албан бичиг хүргүүлж, асуудлаа шийдвэрлүүлэхээ илэрхийлэв.