МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал, доктор Ж.Ариунболд, “ACQUIN” олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагын гүйцэтгэх захирал, доктор Александр Рудолф нартай өнөөдөр албан уулзалт хийлээ. Тус уулзалтаар сургалтын хөтөлбөрийн үндэсний болон олон улсын хамтарсан магадлан итгэмжлэл, хөтөлбөр хөгжүүлэлт, цаашдын хамтын ажиллагааны талаар чухал санал солилцлоо.
БМИҮЗ, ACQUIN нь 2020 оноос эхлэн үндэсний болон олон улсын хамтарсан магадлан итгэмжлэл хийх “Санамж бичиг” байгуулан ажиллаж эхэлсэн. Монгол улсын Боловсролын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 14-т заасны дагуу хамтарсан магадлан итгэмжлэл хийх эрх зүйн орчин бүрдэж, үүний хүрээнд анх удаа МУБИС-д ажиллаж байна.
ACQUIN нь 2011 онд байгуулагдсан бөгөөд ХБНГУ-ын магадлан итгэмжлэлийн зөвлөлийн тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг агентлагуудаас шилдэг гуравт багтдаг. Тус байгууллагын зорилго нь дээд боловсролын сургалтын чанар стандартыг хадгалах, сайжруулахад дэмжлэг үзүүлэх, бүх төрлийн дээд боловсролын байгууллагуудад магадлан итгэмжлэл хийж, хөтөлбөрүүдийг олон улсын түвшинд хүргэхэд чиглэсэн юм. Одоогийн байдлаар ACQUIN нь Герман, Швейцар, Австри, Унгар, Ливан, АНУ, Монгол зэрэг орны 100 гаруй дээд боловсролын байгууллагуудыг магадлан итгэмжилсэн байна.