Монгол хэлний TоPMON шалгалтыг үндэсний хэмжээнд 2 дахь удаагаа зохион байгууллаа

2024.05.02 13:16 Онцлох мэдээ

МУБИС-ийн “Монгол хэлний түвшин тогтоох үнэлгээ-арга зүйн төв”-өөс Монгол Улсын их, дээд сургуульд сурах болон ажиллах хүсэлтэй гадаад хүмүүсийн монгол хэлний мэдлэг, чадварын түвшин тогтоодог Монгол хэлний TоPMON шалгалтыг албан ёсоор зохион байгуулж байна.

БСШУ–ны сайдын 2019 оны А/52 дугаар тушаалын дагуу МУБИС нь “Гадаадын иргэнээс авах монгол хэлний түвшин тогтоох шалгалтын агуулга, арга зүйг боловсруулж, анхан, дунд, дээд шатны 3600 сорил бүхий ном хэвлэсэн юм.

2021 оноос эхлэн МУБИС уг шалгалтыг зохион байгуулж ирсэн бөгөөд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн “Монгол хэлний түвшин тогтоох шалгалтыг мөрдүүлэх тухай” 2024 оны 02 тоот тогтоолыг хэрэгжүүлэн үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

2024 оны 05 дугаар сарын 2-ны өдөр МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний түвшин тогтоох үнэлгээ-арга зүйн төвөөс Монгол хэлний TоPMON шалгалтыг үндэсний хэмжээнд 2 дахь удаагаа зохион байгууллаа.

Энэ удаагийн шалгалтыг НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, Монгол хэлний түвшин тогтоох үнэлгээ-арга зүйн төвийн эрхлэгч, доктор, дэд профессор П.Эрдэнэтуяа, Монгол хэлний тэнхимийн гэрээт багш, докторант О.Анхилуун нар зохион байгуулж, шалгалтын хөндлөнгийн хянагчаар Н.Хувьзаяа,  Т.Солонго нар ажиллалаа.