Монгол Улсад 2021 оноос эхлэн хэрэгжиж буй боловсролын эрх зүй, бодлогын шинэчлэлийн тэргүүлэх зорилт нь сургалтын чанар бөгөөд чанарын амин сүнс нь багш нар юм. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хувьд удирдах ажилтан, багшаа ажлын байранд нь яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудал хамгийн чухал бас амаргүй байсаар ирсэн. Сургуулийн удирдлагад сургалт төвтэй манлайлалыг хэрхэн хэрэгжүүлэх вэ, харин багш нарт хичээл сургалтаа илүү үр дүнтэй, хүүхдийн хөгжлийг дэмжиж зохион байгуулах вэ, БАГШ ХӨГЖЛИЙН ТӨВ-үүд багшийн тасралтгүй хөгжүүлэхэд юу хийж, ямар дэмжлэг үзүүлж чадах вэ гэдэг асуулт өдөр тутам тулгамдаж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 5 сард батлагдсан БАГШИЙН ГУРВАН ТУЛГУУРТ БОДЛОГО-д сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтууд туссаны нэг нь МЭРГЭЖЛИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖЛИЙН тогтолцоог багш бэлтгэх сургалттай уялдуулан шинэчлэх зорилт юм.
Тиймээс багш бэлтгэх их сургуулийн дэргэд БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш нарт удирдахуйн болон багшлахуйн практикаа чанаржуулах, суралцагчийн сурлагын амжилтыг сайжруулах, сургалтын байгууллага дахь БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ-ийг чадавхжуулах, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны соёл, төлөвшилд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж эхэллээ.
Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төвийн нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 05 дугаар 28-ны өдөр МУБИС-д болж, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар тэргүүтэй удирдлага, төлөөллүүд оролцлоо.
БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ТУХАЙ
Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төв (БХДҮТ) нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны мэргэжлийн хөгжилд дэмжлэг үзүүлж, сургалтын байгууллагын Багш хөгжлийн төвийг чадавхжуулах замаар багшийг ажлын байрандаа хөгжих боломжийг бий болгоно.
БХДҮТ нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
- Багш, удирдах ажилтан, сургалтын байгууллагын хэрэгцээ, тэргүүлэх асуудалд нийцсэн байх
- Сургалтын байгууллагад суурилсан мэргэжлийн хөгжлийг дэмжих
- Мэргэжлийн сэтгэлгээ, практикийг дэмжиж, сургалтын чанарыг сайжруулахад чиглэх
- Мэргэжлийн бүлгүүдийг идэвхжүүлэх
Багш, удирдах ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжсэнээр мэргэжлийн ур чадвартай, өөртөө итгэлтэй, хариуцлагатай, сургалтын үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, тасралтгүй сайжруулдаг, инновацлаг, бусадтайгаа хамтран ажиллах замаар мэргэжлийн хөгжилд оролцоотой багш, удирдах ажилтныг хөгжүүлнэ.
БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ТӨВ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ЯАЖ ДЭМЖИХ ВЭ?
Үндэсний төв нь Кембрижийн болон МУБИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран боловсруулсан хөтөлбөр, удирдамжийн дагуу Кембрижийн олон улсын эрхтэй БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ЗОХИЦУУЛАГЧ нарын дэмжлэгтэй сургууль, цэцэрлэгүүдийн БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ, багш, удирдах ажилтнууд, мэргэжлийн хөгжлийн бүлгүүдэд ХҮҮХЭД-ТӨВтэй сургалтыг сургуулийн болон анги танхимын түвшинд удирдан зохион байгуулахад чиглүүлэх, сургах, дадлагажуулах, зөвлөн туслах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлнэ.
БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ТӨВ ЯМАР ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАХ ВЭ?
Үндэсний төв нь суралцахуйн онол, сайн туршлагад үндэслэн багш, удирдах ажилтны тасралтгүй хөгжлийг дэмжих чиглэлээр дараах сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
- Багшлахуй ба суралцахуй
- Цахим сургалт
- Боловсролын удирдлага, манлайлал
Эдгээр сургалт, үйл ажиллагаанд амжилттай хамрагдсан багш, удирдах ажилтан суралцсан түвшнээсээ шалтгаалан ГЭРЧИЛГЭЭ, ДИПЛОМ-той төгсөх ба энэ нь мэргэжлийн зэрэг, гүйцэтгэлийн үнэлгээ, мэргэжлийн хөгжилтэй уялдана.
Үндэсний төвийн сургалт, үйл ажиллагаа практикт суурилан, сургалтад илүү үр дүнтэй өөрчлөлтийг авчрах болно. Мөн сургалтад хамрагдсан багш, удирдах ажилтан өөрсдийн мэргэжлийн туршлага, суралцахуйн баримт нотолгоо бүхий бүтээлийн сантай болно.
ҮНДЭСНИЙ ТӨВИЙН СУРГАЛТ ЯМАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БАЙХ ВЭ?
Үндэсний төвийн сургалтад цэцэрлэг, сургуулийн нэгээс дээш жил ажилласан багш, удирдах ажилтан хамрагдах боломжтой. Сургалт нь 3 модулиас бүрдэнэ.
Эхний модуль нь ГЭРЧИЛГЭЭ олгох сургалт, энэ сургалтад амжилттай хамрагдсан багш, удирдах ажилтан Модуль 2, 3 сургалтад дэвшин суралцаж сонгосон чиглэлээр мэргэшлийн ДИПЛОМ-той төгсөнө. Эдгээр гэрчилгээ, диплом нь Мэргэшлийн үндэсний шаталсан бүтцэд бүртгэж баталгаажуулна.
Модуль сургалт бүр 3 багц цагийн агуулгатай ба хугацаа нь цэцэрлэг, сургуулийн сургалтын төлөвлөгөөтэй уялдсан, дараах үе шат бүхий зохион байгуулалттай байна.
- Хөтөлбөрийн зохицуулагчийн чиглүүлэх сургалт: тухайлбал, дадлага сургалт, семинар зэрэг танхим, цахим хосолсон сургалт
- Бие даасан болон хамтран суралцах үйл ажиллагаа: тухайлбал, бие даан унших, судалгаа хийх, хэлэлцүүлэг хийх гэх мэт
- Ажлын байрандаа туршин суралцах: тухайлбал шинэ сурсан мэдлэг, чадвар, арга зүйгээ сургуулийн ментор, зөвлөх багш нартай зөвлөлдөн анги танхимын сургалтад хэрэглэх, үр дүндээ үнэлэлт дүгнэлт өгөх, хэлэлцэх гэх мэт.
Үндэсний төвийн ХӨТӨЛБӨРИЙН ЗОХИЦУУЛАГЧ нар сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн багш, удирдах ажилтны хэрэгцээнд нийцүүлэн төлөвлөнө.
Модуль сургалт бүр 3 сар үргэлжлэх бөгөөд ХӨТӨЛБӨРИЙН ЗОХИЦУУЛАГЧ нарын удирдлага, чиглүүлэг дор суралцахуйн 4 циклээр онол, дадлагын мэдлэг, ур чадварыг системтэй эзэмшинэ. Багш, удирдах ажилтнууд танхим, онлайн хосолсон хэлбэрээр, ажлын байрандаа, бие даан эсвэл бусадтай хамтран суралцах гэсэн зохион байгуулалтын 3 хэлбэрээр сурна.
Танхим, онлайны сургалтаар суралцахуйн онол, сайн туршлагын талаар судлах бол ажлын байранд сурсан мэдлэг, чадвараа өөрийн сургалтандаа ашиглана. Харин бие даан эсвэл хамтран суралцахдаа зөвлөх, менторуудын дэмжлэгтэй суралцана.
БАГШ ХӨГЖЛИЙН ТӨВИЙГ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?
Сургууль, цэцэрлэгийн БАГШ ХӨГЖЛИЙН ТӨВ-ийг хариуцан ажиллах сургалтын менежер, зөвлөх, ментор багш нар ХӨТӨЛБӨРИЙН ЗОХИЦУУЛАГЧ-ийн сургалтад хамрагдаж, судлагдахууны МЭРГЭЖЛИЙН БАГУУДТАЙ хамтран ажиллана.
Үндэсний төвийн хөтөлбөрийн зохицуулагч, мэргэжлийн баг нь БАГШ ХӨГЖЛИЙН ТӨВ-ийн менежер, зөвлөх, ментор багш, мэргэжлийн бүлгийн ахлагч нарт багш, удирдах ажилтны мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Мөн багш хөгжлийн төвийн үндэсний зохицуулагчийг сургаж бэлтгэнэ.
Үндэсний төвтэй идэвхтэй хамтран ажиллаж, шаардлага хангасан сургалтын байгууллагын БАГШ ХӨГЖЛИЙН ТӨВ нь дээр дурьдсан багшлахуй болон суралцахуйн ГЭРЧИЛГЭЭ олгох сургалтыг зохион байгуулах эрхийг олгоно.
Шууд дамжуулалт: https://www.facebook.com/MinistryofEdu/videos/1095334848241266