Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчийг харьяалал харгалзахгүйгээр халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах арга хэмжээг орон даяар идэвхтэй зохион байгуулж байна.
МУБИС-ийн Захирлын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/213 тоот тушаалын дагуу оюутнуудыг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд бүрэн хамруулахаар МУБИС-ийн Тамгын газар, Эрүүл мэндийн төвөөс төлөвлөгөө гарган ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга, мэргэжилтэн, бүрэлдэхүүний сургуулиудын хөтөлбөрийн албаны дарга, мэргэжилтэн, оюутан хариуцсан арга зүйчидтэй хурал зохион байгууллаа. Хурлаар Эрүүл мэндийн төвөөс зохион байгуулж буй Оюутнуудын эрүүл мэндийн тандалт судалгаа, сургалтад оюутнуудыг идэвхтэй оролцуулах, Эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах, эрт илрүүлэг, үзлэг оношилгооны ач холбогдлыг түгээх, оюутнуудын эрүүл мэндийг дэмжих ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр ярилцан, санал солилцсон юм.
МУБИС-ийн Тамгын газар