“Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол олгоход багшийн үүрэг” сэдэвт зүүн бүсийн сургалт, семинар зохион байгууллаа

2023.11.06 08:54 Үйл явдал

МУБИС-ийн Газарзүйн тэнхим, Хэнтийн аймгийн Бор-Өндөр сумын ЕБС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан 22 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, оюутны танилцах болон багшлах дадлага зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллаж, давхардсан тоогоор 1,000 гаруй оюутан, 100 орчим багш нар хамрагджээ.

Энэ жилийн сургалт, оюутны танилцах дадлагыг МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн Газарзүйн тэнхим, Монголын Газарзүйн боловсролын нийгэмлэгээс Бор-Өндөр сумын ЕБС-тай хамтран 2023 оны 10 сарын 26-30-ны өдрүүдэд Бор-Өндөр цогцолбор сургууль дээр танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Сургалтад Бор-Өндөр сумын ЕБС-ийн багш, сурагчид танхимаар, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн нийт 70 гаруй багш нар цахимаар оролцов. “Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол олгоход багшийн үүрэг” сэдэвт хичээлийг профессор Е.Батчулуун танилцуулж багш, сурагчдаар дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол олгох, цөлжилтөд нөлөөлж буй байгаль, нийгмийн хүчин зүйлсийг орон нутгийнхаа хэмжээнд ажиглах, хэмжих, гарсан үр дүнгээ боловсруулах талаар дэлгэрэнгүй танилцуулав. Доктор Г.Уранчимэг “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицоход бидний оруулах хувь нэмэр” сэдвээр багш нар гарын доорх материал ашиглан туршилт хийх, асуулт даалгавар хийлгэх, видео хичээл үзүүлэх, дүрд тоглох зэрэг багшийн хөгжлийг дэмжсэн аргазүйг ашиглан дадлага хичээл удирдан явуулав. Мөн газарзүйн тэнхимийн багш профессор С.Хадбаатарын органик гаралтай хог хаягдал, хүнс тэжээлийн үлдэгдэл ашиглан компаст бордоо хийх аргазүйн видео хичээлийг танилцуулав.

Энэ хугацаанд МУБИС-ийн Газарзүйн тэнхимийн оюутнууд Бор-Өндөр цогцолбор сургуультай танилцаж газарзүйн мэргэжлийн багш Б.Рэнцэндоржийн хичээлд суув. Хөтөлбөрийн дагуу багш, сурагчид Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн гүний олборлолт, баяжуулах фабрик, комбинатын үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээ Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагчдын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо. Газарзүйн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын уялдаа холбоог шинэ шатанд гаргахад МУБИС-ийн Газарзүйн тэнхим, Бор-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байна.