МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, доктор Я.Оюунчулуун “Монгол орны голын экосистемийн чанарын биологийн үнэлгээний макро сээр нуруугүйтний олон хэмжигдэхүүнт индекс боловсруулсан үр дүн” сэдэвт семинарыг төслийн хүрээнд зохион байгууллаа.
ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ЦУОШГ нь гадаргын усны хяналт шинжилгээний үндэсний сүлжээг хариуцан ажиллаж, ус зүйн хэмжилтийг 120 харуул, усны химийн дээжийг 142 харуул, усны ёроолын болон хөвөгч амьтдын дээжийг 64 харуулаас тус тус авч хяналт, шинжилгээ хийдэг. Гэвч Монголын төрөл зүйл, экосистемд тохирсон усны чанарын биологийн үнэлгээний арга зүй байхгүй байгаа юм.
Тиймээс энэ төслийн хүрээнд Монголын голын экосистемийн төлөв байдлын үнэлгээний макро сээр нуруугүйтний олон хэмжигдэхүүнт индекс (MMI-MON)-ийг боловсруулсныг уг семинараар нийтэд танилцуулсан юм.
Тус боловсруулсан индексийг Монголын гадаргын усны хяналт шинжилгээний үндэсний сүлжээнд биологийн үнэлгээний стандарт арга зүй болгон хэрэглэх боломжтой бөгөөд байгаль орчны менежмент болон голын экосистемийн хамгаалалд чухал ач холбогдолтой ажээ.