Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департаментаас санхүүжүүлж буй Олон Улсын Солилцооны хөтөлбөр (IVLP)-ийн “Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх сургалт” төслийн гишүүд 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Питтсбургийн их сургуулиас зохион байгуулсан компани, аж ахуйн нэгжүүдтэй хэрхэн түншлэлийн гэрээгээр ажилладаг, сургуулийн бүтэц, хөгжил, стратеги төлөвлөгөөний тухай, мөн олон улс судлалын төвийн профессорын солилцоо, гадаад оюутан солилцооны үйл ажиллагааны тухай сургалтад хамрагдаж, санал бодлоо хуваалцсан юм.
Төслийн баг 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр RAND корпорацийн Питтсбург дахь салбарын үйл ажиллагаатай танилцав. Энэхүү корпораци нь Төрийн департамент, гадаад, дотоодын засгийн газар, компанийн захиалгаар төрийн бодлого, боловсрол судлалын чиглэлээр судалгаа хийдэг ашгийн бус судалгааны байгууллага юм. Мөн энэ өдрөө төслийн баг Карнеги Меллон их сургуулиас зохион байгуулсан судалгаа шинжилгээний бодлого зохицуулалт, их сургуулийн хотхоны төлөвлөлтийн талаар сургалтад хамрагдаж тус сургуулийн кампус хөгжүүлэх туршлагаас суралцаж, хэлэлцүүлгийг өрнүүлэв.
Тус баг 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Нью-Йоркийн Их Сургуулийн оюутны хотхоны төлөвлөлт, ногоон сургуулийн бүтээж буй үйл явц, Нью-Йорк Хотын Их Сургуулийн эрдэм шинжилгээний солилцооны хөтөлбөр, сургалт, оюутан солилцоо, түүний хөгжлийн үйл ажиллагаатай танилцаж, асуулт хариулт, хэлэлцүүлгийг тус тус зохион байгууллаа. Мөн ЮНЕСКО-ийн боловсролын талаарх хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Байгалийн ухааны чиглэл буюу эко-сургуулийг хөгжүүлэх талаар баримталж буй бодлоготой танилцав. 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Колумбын Их Сургуулийн гадаад оюутны суралцах нөхцөл, оюутны төрийн бус үйл ажиллагаатай танилцсан ба үдийн хойно Дэлхийн боловсролын төвд зочилж боловсролын төслүүд, боловсролын судалгаа, их сургууль хоорондын хамтын ажиллагааны талаар мэдээллийг авч энэхүү сургалтын үйл ажиллагаа өндөрлөсөн юм.