МУБИС-Д ШИЛДЭГҮҮД СУРАЛЦСААР Л ...

2024.10.14 10:25 Үйл явдал

Энэ удаа оюутан ахуй цагтаа 2023 онд “Хүндийн өргөлтийн мастер залуучуудын дэлхийн аварга шалгаруулах” нээлттэй тэмцээнээс мөнгөн медалийн эзэн болсон оюутан Одсүрэнгийн Төрболдыг онцолж байна.

 Тэрээр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Багш, биеийн тамирын боловсрол хөтөлбөрийн 4-р курст суралцдаг бөгөөд 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд жилд “МУБИС-ийн ректорын нэрэмжит тэтгэлэг”-ээр  шагнагдсан бөгөөд манай бахархалт оюутнуудын төлөөлөл юм.

Малчин аавын хүү тэрбээр спортын тал бүрийн авьяастай болох нь хууч ярилцлагын үед анзаарагдахаас гадна аргагүй л хүч чадал, авьяастай нь өнгөрсөн богино хугацаанд үзүүлсэн спортын амжилтуудаас тодорхой харагдана. тухайлбал, хүндийн өргөлтын спортоор (пауэрлифтинг): 2023 онд залуучуудын ДАШТ-ний мөнгөн медаль, залуучуудын УАШТ-ээс алт, мөнгөн медаль, 2024 оны залуучуудын УАШТ-ээс алт, хүрэл медаль хүртээд байна.

Тус спортын төрөлд өсвөр үеийн УАШТ-ний 4 мөнгөн медальтай бол Өвөрхангай аймгийн 5 удаагийн дархан аварга авьяаслаг тамирчин хүү юм. О.Төрболдын унасан газар угаасан ус нь өвөрхангай аймгийн гэрийн модоороо алдаршсан уянга сум бөгөөд бага ангидаа /3-р анги/ үндэсний бөхөөр спортын гараагаа эхлүүлсэн түүний анхны шагнал нь сургуулийнхаа АШТ-ний мөнгөн медаль байв. Улмаар 9-р ангидаа зэргэлдээх Тараг сумын баяр наадмын бөхийн барилдаанд үзүүрлэсэн нь сурагч насных нь сайхан дурсамжуудын нэг болсон нь дамжиггүй.

Түүнээс хойш жудо, чөлөөт, самбо бөхийн төрлөөр 10 настайгаасаа Батжаргал багшийнхаа удирдлага дор хичээллэж эхэлсэн нь бөхийн алдар цуутан олонтой өвөрхангайчуудынхаа бөхийн уламжлалыг нь үргэлжлүүлэх авьяас төгөлдөр хүү шиг бодогдов. оюутан болоод Биеийн тамирын сургуулийн багш ОУХМ, доктор О.Болд-Эрдэнийн үүсгэж хөгжүүлсэн жюү жицү бөхийн спортын төрөлд 2023 оны оюутны АШТ-ээс хүрэл медаль авсан бол жудо-гийн оюутны АШТ-ээс мөн л хүрэл медаль авч чаджээ.

Түүнчлэн МУБИС-ийн оюутны хананд авиралтын АШТ-ээс мөнгөн медаль аваад байгаа аж. Түүний спортынхоо төлөө зориулсан хөлс хүч, авьяас билиг, гавьяа зүтгэлийг нь зохих ёсоор үнэлэн урамшуулсан нь сайшаалтай. Үүнд: Өвөрхангай нутаг нь 2023 оны "Алтан сарнай" наадмын оны шилдэг залуугаар тодруулсан бол монголын үндэсний олимпын хорооноос алтан медалиараа шагнан урамшуулжээ. Тэрээр хүндийн өргөлтийн спортод анх хөтлөн оруулж заан зөвлөж байдаг аймгийнхаа спорт хорооны нарийн бичгийн дарга мөнхсүлд багш болон мубис-ийн ахмад профессор, МУГБ Ж.Баасандамба, доктор Ш.Энхбүрэн, Чойжилжав багш нартаа, бусад дэмжиж тусалдаг эрдэмтэн багш нартаа талархаж явдагаа хэлсэн юм.

Энэ үеэр төрсөн сайхан нутгийнх нь талаар товчхон сонирхов. Өвөрхангайн Уянга сум нь халхын алдарт сайн ноён намнансүрэнгийн төрсөн нутаг ба байгалийн үзэсгэлэн бүрдсэн найман нуураараа алдаршсан болохыг манайхан андахгүй бизээ. Миний хувьд тус Найман нуурын найман нэрийг мэдсэн нь маш сонирхолтой сайхан байсан бөлгөө. нэрлэе:

-Ширээт нуур

-Халиут нуур

-Бугат нуур

-Хаяа нуур

-Хүйс нуур

-Мухар нуур

-Дөрөө нуур

-Баян уул гэсэн 8 цэнгэг уст, байгалийн үзэсгэлэнт монгол орны бахархалт нуурууд уянга сумын нутагт оршдог байна. Ингээд байгалийн үзэсгэлэнт сайхан нутгаасаа бяр чадал, эрдэм оюуныг шингээн авч төрсөн тамирчин оюутан О.Төрболд маань жудо бөхийн спортын төрлийг битүүхэндээ сонирхон буйг анзаарсан ба одоохондоо хичээллэх клүб, дасгалжуулагч багшаа сонгоогүй л юм байна хэмээн ойлгосон. олимп, дэлхийн олон алдар цуутан төрдөг МУБИС-ийн БТС-иас ирээдүйн олимпын медальтан ингээд даруухан суугаа ч юм билүүдээ.

Ингээд 2023 оны мубис-ийн шилдэг оюутан, захирлын нэрэмжит шагналт, дэлхийн аваргын мөнгөн медальт оюутан О.Төрболд маань энэ жил дахин амжилтаа бататган 2024 оны пауэрлифтингийн ДАШТ-ээс хоёр дахь мөнгөн медалиа хүртэж дахин эрдэмтэн багш нар, найз нөхөд, аав ээж ахан дүүс, монголчуудаа баясгаад байна. Энэ 2024 онд АНУ-ын Austin хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон мөнгөн медалийн болзол хангахын зэрэгцээ жиндээ рекорд амжилтыг шинэчлэн тогтоогоод байгаа юм. оюутан О.Төрболддоо дахин халуун баяр хүргэе.