ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН СУРГАЛТЫН ГАРЫН АВЛАГАД САНАЛ АВАХ ТУРШИЛТЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2023.06.20 14:10 Үйл явдал

МУБИС-ийн Нийгмийн ажил арга зүйн тэнхим Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын  Европын Холбооны санхүүжилттэй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн хүрээнд Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөрт зориулсан “Хүүхдийн хөдөлмөрийн сургалтын гарын авлагад санал авах туршилтын сургалт хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа.

Тус сургалт хэлэлцүүлэгт УБ хотын ЕБС-ийн сургуулийн нийгмийн ажилтнууд, ГБХЗХГ-ийн мэргэжилтнүүд, Хүүхдийн тусламжийн 108 утас, Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын залуучуудын төвийн ажилтнууд, нийгмийн ажлын их дээд сургуулийн багш нар нийт 45 оролцогч хүүхдийн хөдөлмөрийн ойлголт мэдлэгээ дээшлүүлж санаа бодлоо хуваалцлаа.  

Сургалтыг МУБИС-ийн Боловсрол Судлалын сургуулийн захирал, профессор Д.Мөнхжаргал нээсэн бөгөөд тэрээр хүүхдийн хөдөлмөрийн асуудалд анхаарал хандуулан хамтран ажиллах хэрэгцээ нэмэгдсээр байгааг онцлов. 

ОУХБ-ын Ази, номхон далайн товчооны хөдөлмөрийн хүрээний суурь эрх, зарчмын ахлах мэргэжилтэн хатагтай Барати Флуг Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын сайн туршлага” сэдвээр хичээл зааж, практикийн болон бодлогын түвшний сайн туршлагыг хуваалцсан нь оролцогчдод олон улсын сайн туршлагаас суралцах, хүүхдийн хөдөлмөрийн эсрэг олон улсын үзэл баримтлалын дагуу ажиллах боломжийг нэмэгдүүлсэн.

“Хүүхдийн хөдөлмөрийн эрх зүйн орчин” сэдвээр Ж.Азжаргал (ХНХЯ, ГББХЗГ, ХЭХ-ийн бодлого зохицуулалтын мэргэжилтэн), Хүүхдийн хөдөлмөрийн үндсэн ойлголт, судалгаа дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхэлдэг хүүхэдтэй ажиллах  арга зүй зэрэг сэдвүүдээр МУБИС, НААЗТ-ийн багш Х.Өлзийтунгалаг, М.Нямдорж, Б.Мягмарсүрэн нар тус тус  хичээл зааж оролцогчдын саналыг тусгав.

Сургалт хэлэлцүүлгээр гарсан зарим саналуудаас дурдвал:  

***Хүүхдийн хөдөлмөрийг устгах, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхэд нийгмийн ажилтнуудын оролцоо чухал байна. .

*** Дэлхийн хэмжээнд 160 сая хүүхэд хүүхдийн хөдөлмөр эрхэлж байна. Хүүхдийн хөдөлмөр 2016 оноос хойш буураагүй, зогсонги байдалд орсон.

*** Хөдөө аж ахуйн салбар дахь хүүхдийн хөдөлмөр нь тулгамдсан гол асуудал хэвээр байна.

***Тогтвортой хөгжлийн зорилт 8.7-г хэрэгжүүлэхэд нийгмийн ажилтнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай

***Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд сургууль завсардах нь бага болсон боловч хичээл давтах, идэвхтэй сурах чадварт сөргөөр нөлөөлж байдаг учраас сургуульд сурах явцдаа хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдэд анхаарах шаардлагатай.

*** Дэлхий нийтэд хөвгүүд охидоос илүү хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд энэ нь Монголын нөхцөлд  ч адилхан байна.

***Хүүхдийн хөдөлмөрийн талаарх мэдлэг, чадвар, хандлага нийгмийн ажилтнуудад янз бүр байгаа учраас тэдний ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай.

Нийгмийн шударга ёсыг бэхжүүлье! Хүүхдийн хөдөлмөрийг устгая!